ӨРГӨНИЙ ӨНГӨЛӨГ АМЬДРАЛ

ХОТООС ДУТАХААРГҮЙ АЯ ТУХТАЙ АМЬДРАХ БОЛОМЖ ОРОН НУТАГТ БИЙ Б.Алтанбагана гэр бүлийн хамт Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж бүтээн байгуулалт цэцэглэж байгаа.

Мэдээлэл хуваалцах

Цаг үе
Aa- Aa Aa+

ХОТООС ДУТАХААРГҮЙ АЯ ТУХТАЙ АМЬДРАХ БОЛОМЖ ОРОН НУТАГТ БИЙ

Б.Алтанбагана гэр бүлийн хамт

Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж бүтээн байгуулалт цэцэглэж байгаа. Тэдний нэг болох “Монцемент” үйлдвэртэй танилцлаа.

Замын түгжрэл, дуу чимээтэй зэрэгцэн хотод өрнөх нэгэн хэвийн хэмнэлээс түр амсхийж, Улаанбаатараас 600 орчим километр явж Дорноговь аймгийн Өргөн суманд ирэв. Говь нутгийн тогтворгүй “ааш” энэ удаа тогтуун, сайхан байлаа. Тиймээс орчныг ажин хэсэг зогсов. Сумын төв болоод ч тэр үү, хонь, ямаа, говийн бэлгэдэл гэж хэлж болох тэмээ харагдсангүй. Харин нэгэн эрэгтэй хэдэн моринд тэжээл өгч байгаа нь содон харагдана. Түүнтэй хэсэг яриа өрнүүлэв. Тэрбээр “Монцемент”-д ажилладаг нэгэн ажээ. Түүнд хэрэг зоригоо дуулгахад тэрбээр говийн зочломтгой зангаар гэртээ урив. Тэднийх сумын төвийн зүүн талд орших шинэ орон сууцанд амьдардаг юм байна. Гэрт орохтой зэрэгцэн хоёр орчим настай сөөсгөр охин аавыгаа тосон гүйв. Гэрийн эзнийг Б.Алтанбагана гэдэг бөгөөд тэднийх гурван охинтой ажээ. Том охин нь XII ангиа төгсөх гэж байгаа бол дунд охин нь дөрөвдүгээр ангид сурдаг гэнэ. Энэ айл шинэ орон сууцанд амьдрах болсноор нэг жил болж байгаа ажээ. Гэрийн эзэнтэй хэсэг ярилцахад тэрбээр “Орон нутагт амьдрахад замын түгжрэл, дуу чимээнд стресстэхгүй нь амар. Одоо халуун, хүйтэн усаа хананаасаа гаргаад авчиж байна, тогтмол усанд орж болно. Хотоос дутахааргүй ая тухтай амьдрах боломж орон нутагт бий болсон” гэв. Мөн “Гэр бүлээрээ ийм тухтай амьдарч байна. Дуртай ажлаа хийж байна. Өөр юу хэрэгтэй гэж” гэж байлаа.

Түүний мэргэжил уул уурхайн инженер аж. Ажлынхаа хажуугаар сонирхлоороо морь уядаг тэрбээр аймаг сумын наадамд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэнэ. Тэрбээр ингэж ая тухтай амьдрахаас өмнө Багануурын нүүрсний уурхайд ажилладаг, гэр бүлийнхэн нь түүн дээр ирж очин амьдардаг байжээ. Долоон жил ингэж явсны дараа нутагт нь шинэ үйлдвэр нээгдэх гэж байгааг сонсоод нутагтаа ажиллахаар сэтгэл шулуудан, аав, ээж, гэр бүл, нутаг усаа зорьжээ.

Тэрбээр “Манай суманд байсан жоншны үйлдвэр хаагдаж, нутгийнхан ажил хийж, гэр бүлээ тэжээхээр ийш тийш явцгаасан. Цөөн хэдэн хүн л нутагтаа үлдсэн дээ. Гэр бүлээсээ хол байх хэцүү шүү дээ. Тэдний нэгэн адил, хоёр хүүхдээ эхнэртэйгээ үлдээгээд ажил хийхээр гэрээс гарсан. Багануурын нүүрсний уурхайд долоон жил ажилласан. Нутагт маань үйлдвэр байгуулагдах гэж байгааг дуулаад 2010 онд энд ирсэн. “Монполимет” группт ажилд орж, Уулын ашиглалтын инженерээр дөрвөн жил ажилласан. Харин “Монцемент” үйлдвэрт ээлжийн ахлахаар 2015 оноос эхлэн ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Урьдчилгаа төлбөргүйгээр энэ байранд орсон. Шинэ байранд ороход хүүхдүүд маань бөөн баяр болж байлаа. Манай гэр бүлийн хүн энэ хоёр байрны үйлчлэгчээр ажиллаж байгаа. Түүнээс өмнө манай хүн ажил хийж байгаагүй. Манай компани ажилчдадаа гэр бүлээрээ ажилтай, ая тухтай амьдрах боломж олгодог юм” гэв. Бидний яриа ч өндөрлөв. Ингээд түүний ажил дээр буюу гэрийнх нь урдхан талд байрлах “Монцемент” үйлдвэр дээр очив. Хамгийн түрүүнд хүний нөөцийн ажилтантай нь уулзлаа.

1000 АЙЛЫН ХОТХОН БАЙГУУЛНА

“Монцемент” үйлдвэрийн хүний нөөцийн сургалт хариуцсан ажилтан С.Урангоо

“Монцемент” үйлдвэр 330 гаруй хүн ажилладаг аж. Ажилчдын 80 хувь нь залуучууд, дундаж нас нь 28 гэнэ. Мөн нийт ажилчдын 60 хувийг Дорноговь аймгийн харьяат иргэд эзэлдэг бол 140 нь Өргөн сумын иргэд аж. Түүнээс хүний нөөцийн бодлогыг нь лавлахад “Ажилчдаа тогтвор суурьшилтай, ая тухтай ажиллах нөхцөлөөр хангахыг зорьдог. Орон нутгийн иргэд ажиллаж байгаа бол гэр бүлээрээ ажил хийгээд тухтай амьдарч, ажиллах боломжтой. Мөн ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлж, суралцахын тулд гаднын мэргэжилтнүүдийг ажиллуулж байна. Одоогоор 20 гаруй гаднын мэргэжилтэн бидэнд туршлагаасаа хуваалцаж байгаа. Сургалтыг танхимд болон үйлдвэр дээр явуулдаг. Бусад орон нутгаас ирж байгаа ажилчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд байр орон сууцаар хангаж байгаа. Одоогоор хоёр блок 80 айлын орон сууцаар хангаад байна. Цаашид энэ тоог өргөжүүлж 1000 айлын хотхон болгох зорилготой байгаа. Мөн сургууль, цэцэрлэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэв. Мөн “Шинэ Монгол” технологийн сургуультай хамтран ажиллаж, манай шаардлагыг хангасан сурагчдыг инженер техникийн ажилтнаар сургаад үйлдвэр дээрээ ажилд авахаар ажиллаж байна. Дархан-Уул аймгийн ШУТИС-тай хамтран 12 ажилчныг магистрантад бэлдэж байгаа” гэлээ.

С.Урангоогийн хувьд өмнө нь Улаанбаатар хотод төрийн байгууллагад ажиллаж байжээ. Нийслэл бүсгүй говийн суманд ажиллаж, амьдрах шийдвэр гаргахдаа тун эргэлзэж байсан гэнэ шүү. Тэрбээр “Говийн суманд амьдарна гэдэг эхэндээ хүндхэн санагдаж байсан. Ирээд амьдрахад хүндрэлтэй зүйл байгаагүй. Харин ч тухтай, их амар байсан. Манай гэр бүлийн хүн энд нягтлан бодогч хийдэг юм. Түүнээс өмнө орон нутагт ажиллаж, сард гэртээ нэг удаа ирж долоо хоноод л явдаг байсан. Залуу гэр бүлийн хувьд тусдаа байх нь их хүндрэлтэй байдаг. Харин энд гэр бүлээрээ, цугтаа амьдарч байна. Энд ирснээр стрессгүй, хүүхдээ эрүүл агаарт өсгөж байна. Мөн өртөг бага, ямар нэгэн нэмэлт зарлага гардаггүй, цалингаа хурааж, илүү сайхан амьдрах боломжтой юм билээ. Найз нөхдөдөө энд ирж ажиллах санал тавих болсон” гэж байлаа.

Цахилгааныхаа 40 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна

Ингээд үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, хуурай аргын эко үйлдвэр юм байна. Тус үйлдвэр 2015 оны наймдугаар сарын 13-нд ашиглалтад орсноор импортоор цемент орж ирэх нь бараг зогсчээ. Учир нь БНХАУ-аас нэг сая тонн цемент орж ирдэг байсан юм. Харин уг үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тоног, төхөөрөмж нь сүүлийн үеийнх төдийгүй хүний оролцоо багатай, бүрэн автомат. Мөн WHR буюу хуурай аргаар цемент үйлдвэрлэснээр цахилгааны хэрэглээнийхээ 40 орчим хувийг үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний ачааллыг энэ хэрээр бууруулдаг ажээ. Мөн ахуйн хэрэглээнээс гарсан усыг 90 хувь цэвэршүүлэн эргүүлээд үйлдвэрийн хэрэгцээнд ашигладаг гэнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлээд үлдсэн лагийг бордоо болгон ашигладаг юм байна.

WHR-ийг хэрэгжүүлж буй анхны үйлдвэр

“Монцемент” үйлдвэрийн захирал Т.Билэгдэмбэрэл

Үйлдвэртэй танилцсанаар “Монцемент” нь WHR технологиороо Монголын анхдагч үйлдвэр төдийгүй хүний нөөцийн бодлогоороо ялгарч байгаа нь анхаарал татав. Ингээд үйлдвэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Монцемент билдинг материалс” компанийн “Монцемент” үйлдвэрийн захирал Т.Билэгдэмбэрэлтэй уулзаж, ярилцлаа.

-Танай үйлдвэр монгол цементийн үйлдвэрүүдээс юугаараа ялгарах вэ. WHR технологийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?

-Монгол Улсад жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн үйлдвэр байдаг. Үүний нэг нь манай үйлдвэр. “Монцемент” үйлдвэр нь эдгээр үйлдвэрээс хуурай аргын эко үйлдвэр гэдгээрээ ялгардаг. Нэгдүгээрт, цемент үйлдвэрийн гол материал чулуунцар үйлдвэрлэхэд гарч буй хийг дахин ашиглан таван мегаваттын цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн цахилгааны хэрэглээний 35-40 хувийг хангадаг. Энэ технологиороо (WHR) Монголд анхдагч. Мөн технологийн бас нэгэн онцлог нь агаар мандалд дэгдэж байгаа нүүрс хүчлийн хийг багасгана. Цементийн нойтон үйлдвэрийн аргаас ялгарах бас нэгэн онцлог нь ус, цахилгааны хэрэглээг багасгана. WHR-ийн бас нэгэн онцлог нь усыг агаарт ууршуулалгүйгээр хөргөх системтэй. Ингэснээр үйлдвэрт тухайн усыг дахин ашиглах боломжтой. Сургууль, цэцэрлэг, хотхон, үйлчилгээний газраас гарч буй хэрэглээний усыг дахин цэвэршүүлэх аргыг хэрэгжүүлж байна. Цэвэршүүлсэн усныхаа 90 гаруй хувийг үйлдвэрийн технологид ашигладаг. Харин үлдсэн хэсгийн бохирдол, лагийг бордоо болгон ашигладаг. Мөн үйлдвэрийн технологи бүрэн автомат.

-Цементийн тээвэрлэлтийг яаж автоматжуулсан бэ?

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ачих бүх үйлдэл автомат. Бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд 3.5 метр гурван салбар төмөр зам байгуулсан. Манайх 40 ширхэг хоппер вагонтой болсон. Түүгээрээ задгайгаар болон савлаж ачилт хийдэг. Мөн автомашинд ачилт хийж байгаа.

-Хүний нөөцийн бодлогоо хэрхэн өргөжүүлэх вэ?

-Говийн алслагдмал суманд үйлдвэр байгуулснаар тогтвор суурьшилтай ажиллах хүч хэрэгтэй болсон. Одоогоор Дархан-Уул аймаг дахь ШУТИС, “Шинэ Монгол” технологийн сургуультай хамтран ажиллаж байгаа. Ажилчдаа тав тухтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд орон сууцаар хангаж байна. Спорт заал, цэцэрлэг, үйлчилгээний төвтэй хотхон байгуулна. Одоогоор хоёр байрыг нь бариад байна. Цемент нь үйлдвэрийн олон шат дамждаг тул шинэ технологи нэвтрүүлэхээр Шинжлэх ухаан технологийн сантай хамтран ажиллаж байгаа.

-Цементээ экспортлох боломжтой юу?

-Манайх жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой ч өнгөрсөн жил 300-аад мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Цементийн борлуулалт улирлаас шалтгаалдаг. Тиймээс бүтээгдэхүүнээ экспортлох зайлшгүй шаардлагатай байгаа. Эхний ээлжид ОХУ руу экспортлохоор судалгаа хийж байгаа.

-Говь нутаг усны хомсдолтой байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Манай үйлдвэр ус дамжуулах хойлойгоор дамжуулж 13 километрийн тэртээх гүний усанд холбогдсон. Сумын төвийн хувьд төмөр зам дагуу байрладаг тул усаа галт тэргээр зөөвөрлөдөг байсан. Сумыг ус дамжуулах хоолойд холбохоор бид хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар төмөр замынхан уг ажлын зураг төслийг гаргаж байгаа. Зураг төслийн дагуу манай үйлдвэр бусад ажлыг хийж, сумын төвийг ус дамжуулах шугамд холбоно. Ингэснээр сумын төвийн иргэд 24 цагийн турш өөрт ойр байгаа газраасаа, гэрээсээ крант нээгээд л ус авах боломжтой болох юм.

ӨРТӨӨ ДӨРВӨН САРД БҮТЭН ЖИЛИЙН НОРМОО БИЕЛҮҮЛЖЭЭ

Энд хүрээд бидний яриа өндөрлөв. Үйлдвэрийн хүнгэнэх чимээнд ногоон хантааз, хамгаалалтын малгайтай залуус холхиж, хөдөлмөр буцалсаар байлаа. Харин үйлдвэрээс холгүй орших орон сууцны гадаа хүүхдүүдээ нарлуулж буй ээжүүд цугласан харагдав. Үйлдвэрийн баруун талд хаяа залган орших сумын төвд хүмүүс холхисоор байлаа. Үйлдвэр байгуулагдахаас өмнө хүнгүй шахам болж байсан Өргөн суманд шинэ амьдрал бий болж, хөдөлмөр буцалж байна. Бүтээгдэхүүний борлуулалт сайн байх нь зөвхөн үйлдвэрт төдийгүй төмөр замд ашигтай. Тухайлбал, төмөр зам дагуу байрласан Өргөн сумын өртөө сүүлийн жилүүдэд орлогоо давуулан биелүүлэх болжээ. Үйлдвэр ашиглалтад орохоос өмнө уг өртөө жилд 600 сая төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол 2016 оноос нормоо давуулан биелүүлж 1.6 тэрбум төгрөгт хүргэх болжээ. Харин энэ оны эхний дөрвөн сард бүтэн жилийн нормоо биелүүлсэн гэж өртөөн дарга бахархалтай гэгч нь ярьж байлаа.

Цаашид сум илүү өнгөлөгжиж, өргөжиж хотжилт бий болох нь тодорхой. Учир нь, “Монцемент” үйлдвэр нь шохойн чулууны 200-аад жилийн нөөцтэй. Тиймээс цементийн үйлдвэр түшиглэсэн Өргөн сум илүү өнгөлөгжин, хүрээгээ тэлсээр багахан хот бий болж Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл, түүнээс улбаалсан агаарын бохирдол бага ч гэсэн саармагжих юм. “Монцемент”-ийн хэрэгжүүлж буй технологи, хүний нөөцийн бодлого нь энэ цагт нүдээ олсон, нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл болжээ.

Эх сурвалж: https://www.news.mn/?id=278378

Бидэнтэй нэгдэх

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.