Жилээс жилд “Монполимет” болон “Монцемент”-ийн маань хамт олны гэр бүл тэлсээр, бид өнөөдөр 1000 гаруй бяцхан үрсийнхээ баярыг хайр дүүрэн сэтгэл, халуун сэтгэлийн үйлсээрээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Ээж аав, ах эгч нар нь хүүхдүүддээ зориулан сэтгэл шингээж бэлтгэсэн органик амттан, оюуны тоглоом, ном, танин мэдэхүйн бэлэгнүүдээс бүрдсэн бэлгийн багцуудыг илгээж хүүхдүүдээ баярлууллаа.
Хүүхдийн баярыг тохиолдуулан Дорнын их говийн “Монцемент” хотхонд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон арга хэмжээний хүрээнд энэ жил ч мөн адил олон сонирхолтой үйл ажиллагаа өрнөлөө. Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “100 буудалт даам”-ны тэмцээн нь 3 насны ангилалд, Өргөн сум болон ойролцоох сумдын 70 гаруй хүүхдүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө.
Мөн хүүхдүүдийн авхаалж самбаа, урам зоригийг хөгжүүлэх зорилгоор “Буухиа тэмцээн”, “Шатар даам”, “Цементээр урлахуй” зэрэг уламжлалт, шинэлэг арга хэмжээнүүдийг найзуудтайгаа хамтран, хамтын хүчээр амжилттай зохион байгуулсан нь хүүхдүүдийн баяр хөөрийг улам нэмж, мартагдашгүй дурсамж үлдээв.
Баяр хөөрөөр цалгисан, инээдээр гэрэлтсэн бяцхан үрсийн инээмсэглэл бид бүхэнд урам зориг, итгэл найдвар, энэрэл хайр бэлэглэсэн сэтгэл догдлом мөчүүд болж үлдлээ.
Хүүхдийнхээ гэгээн ирээдүйд итгэж, мөрөөдөлд нь хүч нэмэх нь бидний хамгийн эрхэм зорилго билээ.
Хүүхэд бүрийн инээмсэглэл — бидний хамгийн том урам зориг!