“Ажил төрөлтэй, хамт олонтой, ээлжийнхээ ажилд явж ирээд, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамтдаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, орон сууцандаа ая тухтай амьдарч байна. Хэдэн адуугаа уралдаан наадамд уяж, сойх цаг зав гаргачихаж байна. Хөдөө унаа тэрэг, замын бөглөө гэж стрессдэхгүй. Охидууд минь цэвэр агаарт эрүүл саруул өсөж торниж байна. Үүнээс өөр жаргал гэж хаана байна. 2012 онд Жоншны үйлдвэр хаагдах үед эхнэр хүүхдээ орхиод гэр бүлийнхээ төлөө ажил хийхээр нутгаасаа гарч байсан үе бидэнд бий...” хэмээн цонхны цаана үүрсэх адуунуудаа нүд бэлчээн харах эрхэм бол Дорноговь аймгийн Өргөн сумын “Монцемент Билдинг Материалс” ХХК-д Ээлжийн ахлагч Б.Алтанбагана. Тэрбээр Өргөн сумын уугуул. Түүний эхнэр М.Төгсбаяр нь “Өргөн” хотхоны зочид буудлыг хариуцан ажилладаг ажээ.
Хөдөө орон нутагт, ялангуяа суманд амьдардаг иргэд дэд бүтэц муу, ажил хийхээр цалин бага, ажлын байр ховор хэмээн олон шалтаг, шалтгаанаар төв суурин газар бараадах болсон нь нууц биш.Харин уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн аймаг суманд хүн амын тоо нэмэгдэж, шилжин ирэгсэд ч харьцангуй ихэссэн. Хамгийн гол нь тухайн орон нутагтаа төрж өсөж, ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн амьдралд бодитойгоор үр ашгаа өгч байгаа нь хэд билээ.
Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг түшиглэн хот болтлоо хөгжиж болдогийн жишээ бол яахын аргагүй Эрдэнэт хот. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлж, 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.
Хорооны хурдан хөгжилт, хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд “Эрдэнэт хот” болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь хот болох хөгжлийн шинэ үеэ эхэлсэн гэдэг. Зууны манлай бүтээн байгуулалт өдгөө улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан өнгөтэй, гэрэлтэй Эрдэнэт хотыг бүтээсэн билээ.
Сүүлийн 20 гаруй жилд уул уурхайг түшиглэсэн маш олон компаниуд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ч ихэвчлэн гэрээсээ хол 21-41 хоног ажиллаад, амралтын 14-21 хоногтоо гэртээ харих амрах зарчмаар явж байна. Томоохон бүтээн байгуулалтыг дагсан кемпүүд байгуулж, ажилчдын ая тухтай ажиллах нөхцөлыг хангаж байгаа ч гэлээ сэтгэлийн амар амгалан болсон гэр бүлтэйгээ хамтдаа байх боломжоор хангаж байгаа нь хэд билээ.
Тэгвэл Улаанбаатар хотоос зүүн урагш 535 км-т орших хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу гэгдэх Дорноговь аймгийн Өргөн сум нэгэн цагт хот болон өргөжих ирээдүй харагдана. Учир нь тус аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны ордыг түшиглэн Монцемент үйлдвэр ашиглалтад орсноор энэ бүх боломж нээгджээ.
Энэ талаар “Монцемент Билдинг Материалс” ХХК-ний Монцемент үйлдвэрийн дарга Т.Билэгдэмбэрэл хэлэхдээ
“Анх 2008 онд шав тавьсаны дараа “Энд төсөл хэрэгжүүлнэ” гээд хоёр гэр, нэг усны машинтай 4-5 уулаа ажиллаж байлаа. Нүүр нүдгүй шуурсан говийн их шороо, салхитай өдөр гэрээ хийсгэхгүй гээд унинаасаа зүүгдэн тогтоож байсан цаг саяхан мэт санагдана. Бид 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй “Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэн төслөө эхлүүлсэн. Тиймээс бид энэ үйлдвэрийг хажууд кемп байгуулаад тэндээ хэдэн ажилтан ирж, хэд хоног ажлаад буцдаг байхыг хүсээгүй.
Зуун дамжин ажиллах үйлдвэр сайхан суурин, хот байгуулья гэж зорьсон. Магадгүй 10 жилийн дараа, 100 жилийн дараа Эрдэнэт шиг асар том хот байгуулагдах боломжтой. Өнөөдөр шууд болон шууд бусаар 1,000-аад ажилтан, ажиллагсадтай болсон байна. Эхний ээлжинд 1,000 айлын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль барихаас 280 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулаад байна.
Халуун хүйтэн ус, халаалтыг бүрэн шийдсэн. Өргөн сумын иргэд хэрэглээний цэвэр усаа зөөврөөр авдаг. Түүнийг нь шийдэж, эхний ээлжинд 24 цагийн ухаалаг худагтай болгох ажлыг эхлүүлсэн.
Нийт ажилчдын 60 гаруй хувь нь орон нутгаас ажиллаж байна. Мэдээж монгол хүн эх орондоо ажиллаж байгаа учраас аль болох удаан хугацаанд эдэлж хэрэглэх талаас нь анхаарч байна. Үйлдвэрийн технологио ч мөн адил Siemens –ийн хамгийн сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Энэ чиглэлээрээ ажилтан албан хаагчид, залуучуудаа сургаж байна.
Ажилчдынхаа нийгмийн асуудал болсон фитнесс төв, интернэт орчноор хангах, ажилчдынхаа хүүхдүүдийг чөлөөт цагаараа сурч боловсроход нь анхаарч байна. Монголын үйлдвэрүүд хөгжихийн хэрээр цаана нь олон хүн гэр бүлээ тэжээж байна гэсэн үг. Эх орондоо, хайртай бүхэнтэйгээ хамтдаа амьдарч, тогтмол цалинтай ажилтай байна гэдэг амьдралын баталгаа. Амьдралын баталгаатай, сэтгэл хангалуун ажилтан гэдэг байгууллагын маш том хөрөнгө оруулалт” хэмээн бахархал дүүрэн өгүүлж байсан юм.
Элсээр шуурсан говьд хүүхдийн инээд цангинаж, хөнгөн хөгжим эгшиглүүлсэн залуусын хот болоход модот цэцэрлэг хамгийн чухал шалгуур байх учиртай. Тэгвэл тус “Монцемент” үйлдвэрийнхэн нөхөн сэргээлтийн бүс нутагтаа “Бурхан багшийн цогцолбор” хэмээх цэцэрлэгт хүрээлэнг байгуулан говийн хөрсөнд ургах чадвартай улиас, хайлаас, шар хуайс, улаан сухай зэрэг 500 гаруй мод, бутыг тарьжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү цэцэрлэгт хүрээлэнд ургаж буй моддыг шинжлэх ухааны туршилт судалгаа, шинэ технологийг ашиглан эрдэмтэдтэй хамтран судалж, суулгасан байна.
“Шинжлэх ухаан – Технологийн сан”-ийн Монгол эрдэмтдийнхээ үйлдвэрлэсэн эко бордоо, инновацийн онцгой технологи болсон полимер нэгдэлд хувирдаг 4-5 жил усаа хадгалдаг, говийн цөлөрхөг хөрсөнд тогтмол усалгааг орлох "цэлцэгнүүр" хэлбэрт бодисыг мод тарих хөрсөндөө хийсэн нь том алхам гэнэ. Хоолны давс шиг цагаан нунтаг бодисын ширхэг бүр устай урвалд орохоороо "багахан" усан санг орлохуйц хэмжээний усыг өөртэй шингээх усны бордоо үнэхээр ид шидтэй. Хэд л бол хэдэн литр усыг шингээж, полимер төлөвт шилжиж мод, ургамлыг усалдаг шинэ технологийг тэд нэвтрүүлж, "Эрдэмтдийн ногоон ТӨГӨЛ" нэр оноож цаашид "Эрдэмтдийн ногоон ХЭРЭМ" болгон үржүүлж, арчиж тордохоо амалсан ажээ.
Ийнхүү зуун дамнасан түүхийг бүтээх бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг эхлүүлж, урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу хөгжих боломж сум орон нутагт байгаа гэдгийг Өргөн сум дахь “Монцемент” төсөл батлан харуулж явна. Тэд Монгол нутагтаа эзний сэтгэлээр хандаж, ирээдүйг угтах бодлогодоо эх оронч үйлсийг багтааж, баримталж байгаа нь Монгол хүний, үндэсний үйлдвэрлэгчийн чин сэтгэл ажээ.
П.Нарандэлгэр
эх сурвалж: https://ikon.mn/n/1av9